МУ-ын Барилга хөгжлийн төв БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн хооронд хамтын санамж бичиг байгуулжээ
Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төв ТӨУҮГ, БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах арга хэмжээ 2021 оны 12 дугаар сарын 21-нд Улаанбаатар, Инчон хотноо цахим хэлбэрээр зохион байгуулагдав.
Уг Санамж бичигт Барилга хөгжлийн төв ТӨУҮГ-ын дарга Ц.Амарсанаа, Инчоны Эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Ли Вон Жэ нар гарын үсэг зурж, Монгол Улсын Барилга хот, байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны дэд сайд Юн Сэн Вон, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Пак Сон Вү нар оролцжээ.
Монгол Улсын Барилга хөгжлийн төв ТӨУҮГ, БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүс хооронд хамтран ажиллах энэхүү Санамж бичгийг байгуулснаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн Хөшгийн хөндийд олон улсын стандартад нийцсэн шинэ дагуул хотыг байгуулахад Инчоны Эдийн засгийн чөлөөт бүсийн туршлагыг судлаж хамтран ажиллах, хот төлөвлөлт, технологи, арга зүйн дэмжлэг авах боломж нөхцөл бүрдэж байна.